Удирдагчид урамшуулж мөн анхааруулдаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

1Тимот 4: 1-16

¹ Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. ² Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, ³ гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг. Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи дагаж буй итгэлийн үгс ба эрүүл сургаалаар тэжээгдсэн, Христ Есүсийн сайн үйлчлэгч болно. Харин олиггүй буюу эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай. Энэ нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн. ¹⁰ Учир нь бид үүний төлөө зүдэж зүтгэн, тэмцдэг. Яагаад гэвэл бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид найддаг. ¹¹ Эдгээрийг тушаа, заа. ¹² Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. ¹³ Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар. ¹⁴ Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар. ¹⁵ Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул. ¹⁶ Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00