Удирдагчид соёл дамнан хүмүүстэй харилцан ойлголцдог

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Үйлс 17: 16-34

¹⁶ Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв. ¹⁷ Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа. ¹⁸ Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ. ¹⁹ Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? ²⁰ Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ. ²¹ (Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.) ²² Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. ²³ Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна. ²⁴ Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм. ²⁵ Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй. ²⁶ Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь, ²⁷ хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ. ²⁸ Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог. ²⁹ Бурханы үр удам атлаа бид Бурхан чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй. ³⁰ Иймээс ч Өөрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг хүмүүст Тэрээр тушааж байна. ³¹ Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв. ³² Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа. ³³ Ингээд Паул тэдний дундаас гарч явав. ³⁴ Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00