² Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. ³ Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. ⁴ Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна. ⁵ Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. ⁶ Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. ⁷ Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. ⁸ Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм. ⁹ Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, ¹⁰ баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө. ¹¹ Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно. ¹² Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. ¹³ Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. ¹⁴ Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. ¹⁵ Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. ¹⁶ Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. ¹⁷ Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. ¹⁸ Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00