¹⁶ Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! ¹⁷ Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. ¹⁸ Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм. ¹⁹ Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон. ²⁰ Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт, ²¹ хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, ²² сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. ²³ Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг. ²⁴ Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. ²⁵ Тэмцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. ²⁶ Тиймээс би зорилгогүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй, ²⁷ харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ залхааж, боолчилдог.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00